Нийгэм Нийтлэл

Уул ус савдагаар хамaагүй оролдож байж амь насаа…

Арваад жилийн өмнө баруун аймгаас нүүж ирсэн хэдэн казак уугуул нутгийнхан онгон догшин хэмээн айгаад ойртож чаддаггүй Саадаг уулын ар хормойн модонд халдаж тракторын хоёр чиргүүл дүүрэн зулзаган шургааг бэлдэж сүйдэлсэн гэдэг билээ. Тэр үед нутгийн хашир өвгөн Гонгор тэдэн дээр очиж

“Энэ уул их догшин, ой модонд нь хамаагүй халдаж болохгүй” гэсэн боловч цаадуул нь монгол хэлэнд маруухан байсан ч юм уу хэл амаа ойлголцоогүй гэдэг. Аргаа барсан өвгөн хуруугаараа хоолой хэрчиж буй маяг хэд хэдэн удаа үзүүлээд буцсан юмсанж.

Харин гэртээ ирээд энэ тухай ярихад тэр хавийн авгай нар “Ээ бурхан минь, энэ хэдэн буруу номтон юу гээчийг хийж лус савдаг хилэгнүүлэх гэж байгаа бол доо. Мань мэтдээ л лай ланчиг нь битгий ирээсэй. Ёс мэдэхгүй ёр халдахгүй гэдэг.

Харь нутгийн хазгай хэлтэй улс гайгүй л байх” гэлцэн цай сүүнийхээ дээжийг өргөн залбирч байж. Гэтэл ч тэр өдрийн нь оройхон тэнгэрийн баруун хаяанд гэнэт өтгөн хар үүл гарч ирж хуримтлагджээ.

Тэр хавийнхан сэтгэл түгшин харсаар байтал зангирсан хар үүл нар халхлан эрчилсээр Саадаг уулын оройг бүрхэн манантаад холоос мөндөр шуугих чимээ сонсогдож эхэлсэн байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь ганц ч ширхэг мөндөр ороогүй бөгөөд харин усархаг, нягт зөөлөн бороо шивэрч эхэлсэн гэдэг.

Уг нь үүлний байдлаар бол их салхитай ширүүн аадар цутгах нь уу гэлтэй эрчлэн мушгираад л хилэнтэй нь аргагүй харагдаж байсан гэдэг. Гэхдээ удалгүй нөгөө зөөлхөн намираа бороон дундуур гэнэтхэн хурц цахилгаан зурс хийгээд араас нь тэнгэрийн дуу хоёр ч удаа дараалан тасхийж Саадаг уулын бэл рүү чигтэй газар доргилоод явчихсан аж.

Яг энэ үед нөгөө хачин намуухан бороо гэнэт тасалдан нам чимээгүй болсоноо энд тэнд тог тогхийх чимээ дуулдан худлаа хэлэх хүнд зангидсан нударгын чинээ мөсөн мөндөр унаж эхэлсэн гэдэг. Мөндөр хориод минут шуугиад өнгөрөхөд эргэн тойрон цас орчихсон юм шиг цэвцийсэн цагаан мөндөрт хучигдсан байжээ.

Хүмүүс мөндөрөөс айн гэртээ бүгж байгаад тэнгэр үл ялиг онгойсон хойно гэрээсээ гарч ширүүн борооноор холдож алга болсон малынхаа хойноос мордоцгоож зарим нь гэрийн хаяа дарсан мөндөрийг хусан мөн гэртээ орж ирсэн усыг шавхаж бөөн ажил ундарч байтал гэнэтхэн

Саадаг хайрханы зүгээс нэг морьтой хүн хар эрчээрээ давхиж ирээд “Хайрханы араас мод ачиж байсан казакууд сүйд болжээ” гэсэн зар тараан тэр сураг голоор нэг тарсан аж. Хүн болгон л “Тэгнээ тэр, ингэх гээд байсан юм…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
2,500₮