Нийгэм
Нийтлэл
5 жилийн өмнө нас барсан хүү нь өөр айлд хүү нь болоод төрчихсөн…
Ядамжав гэдэг малчин эрийн эхнэр амаржиж эрэгтэй хүүхэд төрүүлж тэднийх баяр хөөр болцгоожээ. Нэг гэм нь тэр хүүхдийн баруун шанаан дээр томоо хүpэн толбо байж. Тэр нь ямар нэгэн юманд цохиулж няцарсан юм шиг харагдана. Мэнгэ гэхэд мэнгэ биш, тийм сонин юм байгаад эцэг, эх нь хүүхэддээ санаа зовох болжээ. Тэр хүү дөрөв, таван нас хүрч байхад тэднийд алдуул малаа эрж яваад ирж хоносон зэргэлдээх сумын өндөр хар хүн, хүүг хараад цочих шиг болжээ.
Тэр хүн гэрийн хойморт тухалж суусан хэрнээ хүүгээс харцаа салгаж чадахгүй байв. Хэсэг дуугүй ширтсэнээ гэнэт нэрийг нь асуухад Ядамжав нэг их юм бодолгүй “Болд-Очир” гэж хариулжээ. Гэтэл зочны царай тэр дороо хувирч, саяынхаасаа ч илүү балмагдан “Ямар сонин юм бэ? Ийм юм бас байдаг аа…” хэмээн өөртөө хэлэх мэт бувтнасан нь гэрийн эзэн, эзэгтэй хоёрт тун эвгүй санагдав.
Алдуул малаа эрж яваа таних төдий эр айлын бага насны хүүхдийг хараад ингэтлээ цочирч, нэрийг нь сонсоод бүр сандарч байгааг Ядамжавын эхнэр таашаасангүй. Хүүхэд рүү нь нэг л хачин харцаар дахин дахин харах зочны үйлдэл эх хүний сэтгэлд сэв суулгах нь аргагүй. Ядамжав ч дотроо гайхаж байсан ч учрыг нь шууд асуусангүй.
Өнөөх эр удалгүй өврөө уудалж, нэг шил цагаан архи гарган өмнөө тавилаа. Тэгснээ айлын хүнээс аяга нэхэхдээ бараг л өөрийн гэрт байгаа мэт эрээ цээргүй загнав. Саяхан хүүхдийг нь хараад цочсон хүний энэ авир Ядамжавт сонин санагдсан ч архинд дуртай түүний анхаарал төд удалгүй шилтэй цэнхрийн бүслүүр дээр тогтжээ. Ядамжав шил рүү харан шүлсээ хүдхийтэл залгихыг зочин ч анзаарсан бололтой. Ингээд хүүхдийн тухай хачирхалтай яриа хэсэгтээ мартагдаж, хоёр эр архиа задлан аяга тойруулж эхлэв. Зочныг Наваан гэдэг бөгөөд Ядамжав өмнө нь нэг бус удаа таарч, зүс мэдэх болсон зэргэлдээ сумын хүн байлаа.
Нэг шил архи хоёр эрийн дунд удаан тогтсонгүй. Ядамжавын нүүр халуу оргиж, хэл нь бага зэрэг задрах төдий байсан бол Наваан түүнээс илүү согтжээ. Гэвч Навааны царайд архины хөөр биш, дотроос нь удаан дарсан ямар нэгэн гуниг улам тодорч байлаа. Тэр үе үе гэрийн нэг буланд тоглож буй Болд-Очир руу хяламхийнэ. Хүүгийн нүүр, хөдөлгөөн, ялангуяа баруун шанаан дээрх хүрэн толбыг харах бүрд нүд нь бүлтийж, царай нь барайна. Эцэст нь тэсэлгүй ханцуйгаараа нүднийхээ буланг шударч, өөрийн эрхгүй урссан нулимсаа арчаад Ядамжавт учир явдлаа ярьж эхэлжээ.
Навааных тухайн үед нэгдлийн хэдэн үхэр малладаг, үүнийхээ хажуугаар агентын ажил хийдэг айл байжээ. Амьдрал ахуй нь өөдрөг, ажил төрөл нь бүтэмжтэй, үр хүүхэд олонтой өнөр өтгөн айл байсан тул нутгийнхан тэднийг сайн сайхан амьдарч яваа хүмүүсийн жишээ болгон ярьдаг байв. Өөрсдөө ч амьдрал нь ингэж нэг л өдөр орвонгоороо эргэнэ гэж төсөөлөөгүй биз.
Тэднийх хэдэн хүүхэдтэй, гэр дүүрэн инээд хөөртэй айл байсан бөгөөд тэр хүүхдүүдийн нэгийг Болд-Очир гэдэг байжээ. Хүү сэргэлэн, хөдөлгөөнтэй, аав ээжийнхээ нүдний баясал болсон нэгэн байв. Наваан хүүгийнхээ тухай ярих тусам хоолой нь зангирч, өмнөө тавьсан аягаа хүртэл хэсэг мартсан мэт хөдөлгөөнгүй сууна. Тэр жил Наваан цоо шинэ мотоциклтой болжээ. Тухайн цагт хөдөөний айл шинэ мотоцикл авна гэдэг өнөөдрийнх шиг энгийн хэрэг биш, айл саахалтын хүмүүс сонирхон ирж үздэг, эзэн нь ч бахархах зүйл байлаа. Наваан ч шинэ унаагаа гэрийнхээ үүдэнд сэрийтэл нь сойж тавиад, “дугуйтай юм” унах болсныхоо баярыг тэмдэглэхээр хэдэн хүн цуглуулжээ.
Эхэндээ жирийн л баяр хөөртэй найр байсан гэдэг. Хүмүүс шинэ мотоциклийг нь тойрон үзэж, Наваанд баяр хүргэж, идээ цагаа дэлгэн архи дарс гаргав. Хундага аяга тойрох тусам томчуудын яриа чангарч, нэг мэдэхэд хүн бүр халамцан хүүхдүүд хаана, юу хийж явааг анзаарах сөхөөгүй болжээ. Архи арван гурван балагтай гэдэг үг бий. Тэр өдөр ч томчуудын анхаарал сарниж, гэрийн гадна тоглох хүүхдүүд өөрсдийнхөөрөө үлдсэн байв. Болд-Очир ч бусад хүүхдийн адил нааш цааш гүйж байгаад...
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
2,500₮